Нийслэлийн сайн малчин, тариаланч, фермерүүд тодорлоо
XVII дугаар жарны модон хонин жилийн босгон дээр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ сайхан өдөр өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлсэн малчид, тариаланчиддаа баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх маш том зорилт тавин ажиллаж байна. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг иргэдээ дэмжих зорилгоор томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний 80 хувийг дотоодоосоо хангах зорилт тусгагдсан. Үүний дагуу бид та бүхнийг дэмжих олон үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэх болно. Түүний илрэл болгож Нийслэлийн сайн малчин, Тэргүүний фермер, Тариаланч, Тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулан шагнах уламжлалтай боллоо. Энэ жилийн хувьд олон жил завсардаад байсан “Нийслэлийн сайн малчин”-ы шалгаруулалтыг дахин сэргээж, олгож байгаагаараа онцлогтой” хэмээн тодотгон хэллээ.
2015 -оны 2 -р сарын 18
1693
ДЭЛГЭРЭНГҮЙ