Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх тухай

2021-11-11 09:46:40

2021 оны 11 сарын 11-ний өдөр                             Дугаар А/892                                                      Улаанбаатар хот

 

 

 

 

    Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар

      барилга түрээслэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5.“а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 183 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/368 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалтын зориулалтаар ашиглах барилгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал (М.Туулсайхан), 146 дугаар цэцэрлэгийн эрхлэгч (С.Ариунбаяр)-д тус тус зөвшөөрсүгэй.

 

            2.Дээр дурдсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Боловсролын газар (Ж.Гантулга)-т, барилга, орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар тусгайлсан төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэл, үр дүнг хагас жил тутам тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (З.Төмөртөмөө)-д даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР