Хотын дарга хог хаягдлын салбарын бодлогын шийдэл, зохицуулалтын талаар санал солилцов

2021-11-12 12:51:46

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн  өнөөгийн байдлыг ярилцахаар тус  салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/, хувийн болон орон нутгийн өмчит хувьцаат компаниуд болон Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Хотын дарга салбар бүрийн төлөөлөлтэй уулзан, тухайн салбарт хийж буй ажил, тулгарч буй бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж байгаа. Тухайлбал, барилгын салбарын төлөөлөл, нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзан, тэдний санаа бодлыг сонссон юм.

Улаанбаатар хотын хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан гарах хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол гарчээ. Уулзалтад ирсэн тус салбарын төлөөллүүд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэлт хийх, хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн систем, тендер болоод тохижилт үйлчилгээний компаниудад тулгамддаг асуудлуудыг хөндөн тавьсны сацуу гарц, гаргалгаа, шийдлүүдээ танилцуулан, тайлбарлаж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хог хаягдлын салбар, тохижилт үйлчилгээний салбар, хог дахин боловсруулах, ангилан ялгахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд шинэчлэн батлуулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль томоохон дэмжлэг болно. Мөн тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд бодлогын түвшинд анхаарч ажиллана” хэмээн онцолж байлаа.  Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн урсгалыг нэгтгэх бөгөөд ингэснээр тус салбартай холбоотой хүнд суртал, дарамт шахалт багасна гэдгийг хэлсэн юм.

Цахим шилжилтэд амжилттай шилжиж чадвал тус салбартай холбоотой хууль бус үйлдлүүд багасах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтойг салбарын залуус  хэлж байв. Түүнчлэн “Өнөөдрийн уулзалт маш оновчтой, үр дүнтэй байлаа. Нийгэмд тулгамдаж буй олон асуудлын нэг болох хог хаягдлын чиглэлийн бүх асуудлыг ярилцаж, санал бодлоо ойлгуулж чадсан гэж бодож байна” хэмээн уулзалтад оролцсон салбарын албан хаагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Хог хаягдлын салбар бол маш том салбар. Тиймээс тус салбарт ажиллаж буй олон чиглэлийн залуусыг уулзалтад урихыг хичээсэн. Тиймдээ ч бодлогын шийдэл, зохицуулалтын асуудлуудыг ярилцаж чадлаа. Хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг тоймловол, хог ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх чиглэлд ажиллаж буй ажилчдыг урамшуулдаг байх, хог дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг байх зэрэг юм. Мөн иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хог ангилан ялгах хэвшилд сургаж, нийгэмд нөлөөлөх нөлөөллийн ажлуудыг нийслэлээс анхааран ажиллах шаардлагатай байгааг Хотын даргад уламжиллаа. Энэ тал дээр УБЗАА-аас 2017 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулсаар ирсэн. Цар тахлаас үүдэн сургалт түр хугацаанд зогссон ч ирэх жилээс үргэлжлүүлэх болно” хэмээн ярив.

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн аравдугаар зүйлд Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж хогоо ангилан ялгах үүрэгтэй хэмээн тусгасан байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС