Хот төлөвлөлт, судалгааны институтээс хоёр дахь гавьяат төрлөө

2021-06-03 18:00:47

Хот төлөвлөлт, судалгааны институтийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга, Монгол Улсын зөвлөх архитектор Лувсанренчингийн Ганбат өнөөдөр Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа. Тэрбээр 1980 оноос өнөөг хүртэл 40 гаруй жилийн турш хот төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл боловсруулах олон төсөлд гар бие оролцож, зарим төслийг нь удирдан, хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт үр бүтээлтэй ажилласан тул Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган ийн  шагнасан юм. Ингэснээр Хот төлөвлөлт, судалгааны институтээс хоёр дахь гавьяат төрлөө.

Гавьяат барилгачин Л.Ганбат нь Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын болон чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө, ТЭЗҮ, хот төлөвлөлтийн суурь судалгаа, барилгын зураг төсөл боловсруулах олон төсөлд удирдагч, дэд удирдагч, архитектор, хот төлөвлөгч зохиогчоор ажилласан. Өдгөө Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын Архитектур, орон зайн төлөвлөлтийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ