Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

2020-10-28 16:30:09

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших  айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт.цаг байхаар тогтоосон байна.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд:

  • Баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх.
  • Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх.
    Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.
  • Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.