Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн албанд явсан оюутан олон байсныг онцоллоо. Мөн өнөө жилээс иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах зэрэг олон ажлыг эхлүүлсэн.
Энэ талаар нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг үргэлжлүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд Цэргийн штаб ихэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэлийн жилүүд байлаа. Одоо хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс авхуулаад цаашид олон ажил, арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхэлж байна.
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэв.