Хотын удирдлагууд дэд бүтцийн төвийн ажлын явцтай танилцав

2018-12-27 18:44:40

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо гэр хорооллын суурьшлын бүсэд баригдаж байгаа хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий “Дэд бүтцийн төв”-ийн ажлын гүйцэтгэлтэй танилцав. Тус хороооны айлуудыг хэсэгчилсэн дулаан, бохир, цэвэр усны шугаманд холбох ажил эрчимтэй явагдаж, өнөөдөр дулаанаа өгч эхэлсэн байна. Нийт 221 айлыг холбох байснаас энэ жил 70 айлыг холбоод байгаа аж.

“Гэр хорооллын дахин төлөвлөлт нь хүн бүрийн анхаарлын төвд байгаа асуудал. Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 200 гаруй өрхийг байгаа байршил дээр төвийн цэвэр, бохир, дулааны шугамаас ялгаагүй дэд бүтцэд холбож байна. Үүний давуу тал нь иргэд өөрсдийн өмчилсөн газраа үнэ цэнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг нь өнөөдөр бодитоор биеллээ олж байна. Бид ирэх жилүүдэд дахин 50 байршилд энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дэд бүтцийг бүрэн шийдэж чадсанаараа 15 сая төгрөгийн үнэлгээтэй байсан хашаа байшин 100 гаруй сая төгрөгийн үнэ хүрч байх жишээтэй” хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайхан ярилаа.  

Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг. Элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж удахгүй суурилагдана. Мөн энэ орчмын айлуудын хашааг жишиг байхаар өөрчилсөн бөгөөд уг гудамжны 30 гаруй айлын хашааг жишиг хашаагаар сольжээ. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийднэ.

Иргэдийн оролцоо, төрийн дэмжлэгийг нэг төсөл болгож агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг өөрчлөлт ирэх төсөл удахгүй үр дүнгээ үзэх гэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.