“Ногоон Улаанбаатар” болзолт уралдааны шилдэг байгаль хамгаалагчид тодорлоо

2018-10-31 17:48:48

Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдынхаа дунд байгаль хамгаалагчийн үндсэн ажил үүргийн биелэлт, зөрчил, түүний шийдвэрлэлт, ажлын байрны тохижилт санал санаачилгыг дэмжих зорилготой “Ногоон Улаанбаатар” болзолт уралдааныг 6 сарын туршид явуулж дүгнэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газраар овоглосон 33 байгаль хамгаалагч нийслэлийн ногоон бүсийн 300 гаруй мянган га газарт хууль сахиулан ажиллаж байна.

Тэд харуулын цамхаг барих, хашаа, ажлын байраа өнгө үзэмжийг сайжруулах, иргэдэд анхааруулах, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх самбар байршуулах, ногоон амьдралын хэв маягийг үлгэрлэн хашаандаа цэцгийн мандал, мод бут тарих, түймрээс хамгаалах галын булангаа засаж сэлбэх гэх мэт олон олон ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Болзолт уралдааныг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны Б/35 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу гурван үндсэн чиглэлээр 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн ба болзолт уралдааны тэргүүн байранд Б.Адъяасэд ахлагчтай Толгойт хэсгийн байгаль хамгаалагчид шалгарч 600000 төгрөг, дэд байранд Д.Ганбат ахлагчтай Төвийн хэсгийн байгаль хамгаалагчид шалгарч 400000 төгрөгийн эрхийн бичгээр шагнууллаа.

Уралдааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж нийт оноогоор тэргүүлсэн 6 байгаль хамгаалагчийг шалгаруулан өндөр хөгжилтэй орны хотуудад туршлага судлах эрхийн бичгээр шагнан урамшуулав.

Цастай шуургатай, хүнд хэцүү нөхцөлд ч ажил үүргээ гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдынхаа хөдөлмөр зүтгэл, идэвх санаачилгыг дэмжин урамшуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой болзолт уралдаанд амжилттай оролцсон нийт байгаль хамгаалагчиддаа талархал илэрхийлье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.