Нийслэлийн ИТХ ээлжит XIX хуралдаан эхэллээ

2018-10-31 12:36:43

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөхдөө үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үр ашигтай төслүүдийг сурталчлан дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоог эрчимжүүлэх, ажлын байр орлого нэмэгдүүлэхэд анхаарчээ гэж үзэж байна. Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, 2019 оны төлөвлөлтийн талаар бид өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгнө” гэлээ.

Нийслэл хотын хувьд “Аз жаргалтай хот” бий болгоход чиглүүлэн 4 жилийн зорилт тавин ажилласан. Үүний хүрээнд “Аз жаргалтай хот” хөтөлбөр дэвшүүлэн 2017 онд “иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах шинэтгэлийн жил болгон зарласан. Нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн хоттой тав тухтай амьдрах, ажил хөдөлмөртэй байх нөхцлийг бүрдүүлэн, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг гол зорилгоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн. НИТХ-ын 2016 оны 11 сард батлагдсан эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 334 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр ажлаас 265 арга хэмжээ үр дүнд хүрсэн 100 хувьтай, 32 ажил тодорхой үр дүнд хүрсэн 70 хувьтай, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувьтай 4 арга хэмжээ, одоогоор үнэлэх боломжгүй 33 арга хэмжээ байна. Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 96 хувьтай байна.

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр энэ оныг "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарлаж, 419 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эл үндсэн чиглэл 86.7 хувийн биелэлттэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэж үндсэн чиглэлийг боловсруулсан. 2019 он их онцлог жил юм. 2020 он хүртэлх тавьсан зорилтоо хэрэгжүүлэх гол он учир мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаа биелүүлэхээр шахуу зорилт тавьсан байгаа. Үндсэн чиглэлд зорилт тавих нэг хэрэг. Зорилтыг хэрэгжүүлэх, санхүүгийн нөөцийг шахан дайчлах асуудал чухлаар яригдаж байна. УИХ-аар төсвийн төсөл хэлэлцэж байгаа. Төсвийн төсөлд УИХ дээр Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудалд 150 орчим тэрбум төгрөг тавигдахаар төлөвлөгдөж байгаа. Энэ хөрөнгө нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.