"ЗЦ-ийн гүүрэн гарцын ажилтай холбогдуулж Олимпийн гудамжийн замыг 1.6 жилийн хугацаатай хаана"

2018-03-16 15:37:38

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.

 

"2-3 газар түр гүүр барина"

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1 жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаахаар болж байна.

Олимпийн гудамжаар цагт 2,500-3,000, өдөрт 16,000-20,000 мянган машин зорчдог ачаалал ихтэй гудамж. Тиймээс энэ гудамжийн хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. 

Энэ ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм. 

Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарцуудыг хийж байна. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жилдээ 3 гүүрний ажил байна.

Ирэх жил 2019-2020 онуудад 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ" гэв.

Гүүрэн гарцыг 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой аж. 

Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн, Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орох аж. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацна. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.